Рецедив гэмт хэрэгтнүүд хойч үеэ ингэж бэлддэг байжээ

1950-аад онд Улаанбаатар хотод *Хороо* Гомбо, *Зэрлэг* Дамдинсүрэн, *Сэлхээн* Пүрэв, *Нохой* Гончиг, *Торгон* Түдэв, *Хогийн* Жамбал, *Хар* Чойжил нарын цуутай ахмад хулгайч өөрсдийн залгамж үеэ бэлдэхээр 15-18 насны тэнэмэл хөвгүүдийг хулгайн гэрэгт уруу татаж тэднийг удирдан зохион байгуулдаг байжээ.

Ялангуяа *Нохой* Гончиг гэгч нь 15-18 насны залуусыг өмнөө жагсаагаад *Монгол улсын үе үеийн түүхэнд шилийн сайн эрс байсаар ирсэн. Тэгтэл өнөөдөр шилийн сайн эрсийн удам угсаа Дамдинсүрэн, Түдэв, Жамбал бид хэдээр дуусах гээд байна. Эрт цагаас уламжлагдаж ирсэн энэ эрхэм зүйлийг бид харсаар байгаад үгүй хийж яасан ч болохгүй. Та бүгд бол бидний удам угсаа, ирээдүй гэж ирээд л лекц уншдаг байсан гэдэг. Дээрхи хулгайчуудын шавь гэх хүмүүс хожим Монголын шоронд бохир заваан түүхээ нэлээд үлдээсэн байдаг. Тухайлбал *Хороо* Гомбын шавь хэн бэ гэвэл? 1998 онд *Ганц Худаг*-гийн шоронд өөрийгөө боомилж үхсэн *Ухна* Болд, түүний гал хам *Дарваан* Пунцаг нар аж.

Мань 2 наранд байх хугацаандаа цагаан сар болгоноор *Хороо* Гомбо дээр хадагтай очиж золгодог байсан гэдэг. *Зэрлэг* Дамдинсүрэнгийн шавь хэн бэ? гэвэл *Бүлтүүш* Базарсад гэгч бөгөөд харамсалтай нь Дамдинсүрэн 1960-аад оны үед Шар хадны чангаланд чулуу кублеж байгаад шавь Базарсадынхаа гарт амь үрэгдсэн байдаг. Базарсад нь шилийн сайн эрсийн угсааг таслахгүйн тулд өөрөө бас нэлээд хэдэн шавь төрүүлсэн гэдэг. Тэр нь хэн бэ? гэвэл онцгой дэглэмийн шоронд сайн муугаар нэлээд дуулиан дэгдээсэн *Ногоон код* хочит Баатарсүх юм. Баатарсүх ч өөрийн гэсэн шавьтай. Тэрбээр Төв аймгийн харъяат *Гялаан* Батсүх гэгчийг хулгайн хэрэгт нэлээд сайн сургасан гэдэг. Гэвч *Гялаан* Батсүх нь 2004 онд нас барсанаар 1950-аад оноос угшилтай *Зэрлэг* Дамдинсүрэнгийн удам угсаа тасарчээ. Энэ мэтээр Монголын эрүүгийн элементүүд өөрийн удам угсаагаа нэлээд олон жил чирж явсан байдаг.

Харин цуутай гэмт хэрэгтэн *Шилэн* Дамдин, *Чонон* Борис нарын удам угсаа нэг их хол явсангүй. *Шилэн* Дамдингийн гарын шавь болох *Ганган* Даваасүрэн хэмээх цуутай эр нэг хэсэг бужигнуулсан ч эдүгээ томоожчихсон *Хар Хорин* зах дээр кантенир ажиллуулаад сүрхий яваа сурагтай. *Шилэн* Дамдингийн өөр нэг шавь нь *Далайн* Ваня гэгч бөгөөд тэрбээр 1980-аад оны сүүлчээр Ерөөгийн архины эмчилгээнд 2 хүн цустай нь хутгаж алаад цаазаар авахуулжээ.

*Чонон* Борисын шавь *Труба* Пушкин 1990-ээд оны сүүл үе хүртэл Бөмбөгөр хавьцаа өвгөнт эргүүлж байгаад чимээгүй болсон юм. Бодвол үхэж үрэгдээ биздээ. 1960-аад оны үед халаасны хулгайн хэргээр цууд гарч байсан *Шулга* Сандаг агсан амьд ахуйдаа *Миний багш бол 20 гаруй жил ял эдэлсэн *Чийчаан* Лувсандорж* гэж ирээд л хуучилдаг байлаа. Мань эр өөрөө ч нэлээд хэдэн шавь төрүүлсэн гэдэг. Тэдний нэг нь эдүгээ Авдрантын шоронд ял эдэлж байгаа *Буурал* Чинбат бөгөөд тэрбээр хамгийн олон жил ял эдэлсэн гэдгээрээ Монголд бараг л рекорд амжилт тогтоочихоод байгаа хүн. Мань эр 2001 онд Авдрантаас суллагдахдаа *Би 38 жил ял эдэлчихээд гарч ирлээ* гэж ярьж байжээ. Тэгээд 2003 онд дахин гэмт хэрэг үйлдээд 8 жилээр яллагдсан гэдэг. 40 жил ял эдэлсэн хүн Монголд байхгүй л болов уу. *Шулга* Сандаг түүнээс өөр Шөрмөсийн Нямхүү хэмээх халхын шоронд богинохон хугацаанд тодрон гарж төд удалгүй өөд болсон мундаг атаман эр байсан юм. Мөн *Баргийн цагаан* Найдан, *Битүү* Дамбасүрэн, *Галуухай* Пүрэвжав хэмээх халхын шоронд нөлөөтэй байсан 4 5н шавьтай байжээ. Гэвч эд нар эдүгээ бүгд өөд болсон бөгөөд Сандаг агсаны удам угсаа *Буурал* Чинбатаар тасарч байгаа бололтой. 1960-аад оны 40 мянгатын атаман *Сэлхээн* Пүрэв, *Гаргүй* Самбуу нар өөрсдийн шавь нараа үлдээгээд амжсан байдаг. Тэд нар нь халхын шоронд сайн муугаар нэрээ үлдээсэн *Шүлхий* Базараа, *Бүлтүүш* Амгаа, Чулууны Сэрдамба нар юмсанж. Мөн цуутай гэмт этгээдүүд болох *Гөлөөн* Цэрэндондог, Данигайн Дэмбэрэл нар өөрсдийнхөө шавийг эмэгтэй хүнээр бүрдүүлсэн байдаг. Тэр нь партизан Дашзэвэгийн охин Лина гэгч юмсанж. Мөн Өвөрхангай аймгаас төрөн гарсан цуутай хулгайч *Балиус* Төмөрбаатар гэгч тус аймгийн Тарагт сумын харъяат Цэрэнсономын Доржзовд хэмээх малын хулгайч залууг харуутаа *Нүдэндээ цогтой нүүрэндээ галтай хүү байна. Би өөрийнхөө шавь удам угсааг үлдээх гэж олон жилийн турш найдвартай хүн эрж хайлаа. Гэтэл ердөө хажуу суманд байсан байна* гээд түүнийг шавиа болгосон гэдэг. Гэвч нөгөө Доржзовд нь жилийн дараа эмнэг азарганд өшиглүүлээд газар дээрээ нас барсан гэдэг. Малын хулгайгаар нэлээд гаршиж байсан түүнд буянт мал хилэгнэсэн бололтой. Үүний дараахан *Балиус* Төмөрбаатар дагавар охиноо зодож алаад цаазаар авахуулсан гэдэг. 1960-аад оны гэмт хэрэгтэн *Муухай* Дашгалсан гэгч эр 20 гаруй жил ял эдэлсэн *Махан Толгой* Мягмарын багш байж. Дашгалсан үхэхээсээ өмнө Мягмарт хандаж *Миний удам угсаа чамаар дуусах гээд байна, Мягмар чи нэг шавьтай болвол яасан юм бэ? гэж сануулж байсан гэдэг. Гэвч Мягмар нь шавьтай болсон эсэх нь тодорхойгүй. Ямартай ч тэрбээр 2005 онд Батсүмбэрийн асрамжийн газар оччихсон тэндхийн атаман болчихсон хөгшчүүдийн хоол ундыг журамлаад байгаа сураг дуулдсан. Хөвсгөлийн тайгад 10 жил бүгсэн *Уулын* Төмөр бас өөрийн гэсэн шавиа үлдээсэн бөгөөд тэд нар нь Хөвсгөл аймгийн харъяат Болиогийн Дүүжий, Архангай аймгийн харъяат Дэлгэрийн Самбуу нар аж. 1960-аад оны үед хүүхдийн колонийн атаман байсан *Модон хонх* Чулуунбаатар гэгч хамгийн олон шавьтай гэх бөгөөд тэрбээр гадаад дотоодод цууд гарсан 20 гаруй халаасны хулгайчийг төрүүлсэн гэдэг. Мань эр шавь нартаа халаасны хулгай зааж өгөхдөө хэцэн дээр пиджак өлгөж халаасанд нь мөнгө хийгээд суйлуулдаг байж. Хэрвээ пиджак жаахан л хөдлөх юм бол төмөр утсаар ороолгодог байсан тул түүний гараас маш сайн мэргэжсэн шавь нар бэлтгэгдэж гардаг байжээ. Тэдний нэг нь ОХУ-д халаасны хулгайгаар цууд гарсан Цэрэнпүнцагийн Галт гэгч бөгөөд мань эр 1970-1980 он хүртэл Москва хотод мөнгө төгрөгөн дунд умбаж байгаад 1981 онд өөд болсон байна. Энэ мэтээр цуутай нэртэй хулгайч гэмт хэрэгтэнгүүд аль эрт дээр үеээс л хойч үе удам угсаа шавь нараа бэлтгэдэг байсан байна.

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна