ХЭРГИЙН МӨРӨӨР: “ГАДНЫ НӨЛӨӨГҮЙ” хүн амины хэргийг цагдаагийн алба хаагч асан үйлдсэн үү

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Н.Тэнгисмаа гэх эмэгтэй амь насаа алдсан хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан.

 

Уг хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба шүүх шинжилгээний албан ёсны дүн одоог хүртэл гараагүй байгаа боловч ар гэрийнхэнд нь гадны нөлөөгүй гэх тайлбарыг өгөөд байгаа юм. Харин талийгаачийн ар гэрийнхэн эмэгтэйн үхэлд гадны нөлөө байсан гэдгийг хэлж байна. Бид талийгаачийн дүүтэй Н.А-тай /Эх сурвалжийн аюулгүй байдлын үүднээс ярилцагчийн нэрийг өөрчилсөн болно.сурв/  тухайн өдөр болсон хэргийн талаар ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ хэрэг арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө гарсан. Эгчийгээ эмнэлэгт сэхээнд орсон байна гэдэг мэдээг 19-ны өглөө аваад шууд очсон. Эмнэлэгт ухаан оролгүй их удсан. Тэр хугацаанд аймгийн эмнэлэгт томографийн бичлэгт оруулсан. Эхний зургаар талийгаачид үүссэн тодорхой гэмтлүүдийг хэлж өгсөн. Тэрний дараа дахиж зураг авах шаардлагатай гээд дамнуургаар доод давхар луу зөөсөн. Биеийн байдал нь маш муу байсан учраас маш яаралтай Улаанбаатар явахгүй бол болохгүй гээд онгоцны билет авах зуур л хагалгаа даахааргүй болчихлоо, зөөвөрлөх боломжгүй гэсэн. Гурав хоногийн турш эмнэлэгт ухаангүй байж байгаад арванхоёрдугаар сарын 21-нд амьсгал хураасан.

-Талийгаачийг драмын байранд байхад олсон гэсэн. Анх ямар хүн эмнэлэгт дуудлага өгсөн юм бэ?

-Эхлээд яагаад тэр хүн тайзан дээр хэвтэж байсан бэ, юу болсон бэ гэдэг нь тодорхойгүй байсан. Тэр театрт байсан хүн бүхэн л мэдэхгүй гэж байсан.

Сүүлд сонсоход, театрын хэсэг залуучууд нийлж суусан юм шиг байгаа юм. Тэгээд  Х  гэдэг дадлагын оюутан охин хамт сууж байсан С-ийг хайж яваад тайзны хэсэгт очсон байгаа юм. Тэр үед ямар нэг юм хөдлөх шиг боллоо гээд тайзны гэрлийг тусгаж харахад, талийгаач тайзан дээр хэвтэж байхыг анх харсан гэсэн. Театрын жижүүрт энэ тухай хэлээд шөнийн 03:35 цагт 103 дуудаж эмнэлэгт хүргэсэн байгаа юм.

-Түргэний эмч нар ирэх үед талийгаач ухаангүй байсан уу?

-Эмнэлэгт очихдоо ухаангүй байсан. Эмч нараас нь яг ямархуу байдалтай байсныг асуухад, цус алдаад удсан байсан. Цус нь захаасаа хатаж эхэлсэн, нилээн удаж байж дуудлага ирүүлсэн гэж хэлсэн.

-Хэрэг гарсны дараа, талийгаачийг шинэ жил тэмдэглэж байгаад таталт өгч нас барсан гэх утгатай мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан. Үнэхээр шинэ жил тэмдэглэж уусан зүйл байсан уу?

-Би суманд байдаг учраас тэр талаар мэдэхгүй. Гэхдээ миний эгч тэгж ууж идээд байдаг хүн биш ээ. Тухайн өдөр ямар ч байсан театрын хэдэн залуучууд л нийлж суусан юм билээ.

-ТЕАТРЫН ЕРӨНХИЙ НАЙРУУЛАГЧ Д ГЭГЧ ТАЛИЙГААЧИЙГ АЖЛАА ӨГ ХЭМЭЭН ДАРАМТАЛДАГ БАЙЖЭЭ-

-Талийгаач хамгийн сүүлд ямар хүмүүстэй байсан юм бэ?

-Драмын театрын бүжигчин Т гэдэг хүүхэн байдаг юм. Тэр хүний хэлснээр бол, бүжигчин Т нь театрын ерөнхий найруулагч Д гэдэг эрэгтэйтэй хамт өрөөнд сууж байхад нь талийгаач орж ирсэн байгаа юм. Тэгээд Д гэдэг эрэгтэй талийгаачийг өрөөнөөс авч гарсан гэж хэлсэн. Удалгүй тэр бүжигчин эмэгтэйг коридор луу гарахад Д талийгаачийг их эвгүй түшчихсэн, талийгаачийн хоёр гар нь санжчихсан харагдсан гэсэн.

Тухайн үед бүжигчин эмэгтэй тэр хоёрыг эвлэрч дээ гэж бодоод өнгөрсөн гэсэн.

-Хамгийн сүүлд ерөнхий найруулагчтай хамт байхыг харсан гэлээ. Бүжигчин эмэгтэй яагаад тэднийг эвлэрсэн гэж бодсон юм бол? Өмнө нь талийгаач тэр эрэгтэйтэй таарамжгүй харилцаатай байсан хэрэг үү?

-Тийм зүйл байсан байх. Талийгаачтай хамгийн сүүлд байсан эрэгтэй бол театрын даргын нөхөр юм. Талийгаач  театрын ерөнхий найруулагч хийдэг байх үед /2017 он/ нь ажлаа өг гэх мэтээр дарамт үзүүлдэг байсан талаар ярьж байсан. Удалгүй тэр эрэгтэй талийгаачийн ажлыг авч ерөнхий найруулагч болсон байсан. Энэ талаар тэдэнд маргалдах зүйлс байсан гэдгийг хүмүүс хэлдэг.

-Талийгаач бол урлагийн хүн байсан. Харин түүний ажлыг авсан гэгдэж байгаа театрын даргын нөхөр ямар мэргэжилтэй хүн юм бэ?

-Тэр хүн өмнө нь цагдаад байж байгаад ажил албаараа бусдыг дарамталсан гэсэн шалтгаанаар цагдаагийн байгууллагаас халагдсан хүн юм гэсэн. Тэгээд Хөгжимт драмын театрын ерөнхий найруулагчаар ирсэн байсан.

-ТАЛИЙГААЧ ЭМНЭЛЭГТ ОЧООД “НАМАЙГ БИТГИЙ ЗОДООЧ” ГЭЖ ХАШГИРСАН -

-Талийгаачийг эмнэлэгт хүргээд томограф авахуулсан гэсэн. Томографаар ямар ямар гэмтлүүд гарсан бэ? Та бүхэн талийгаачийн үхэлд гадны нөлөө байгаа гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээ тайлбарлахгүй юу?

-Томографаар гавлын суурь яс, дагзны суурь яс нь баруун талын чихнээс зүүн чих хүртэл цуурсан, тархинд тоолж баршгүй их бяцралт өгсөн, баруун талын чамархай бяцарсан, баруун эгэм хугарсан, баруун талын зургаан хавирга хугарсан гэсэн гэмтлүүд гарсан. Харин нас барсны дараа задлангийн эмч хэлэхдээ найман хавирга хугарсан байсан гэсэн.

Шинжээчийн албан ёсны дүгнэлт бол гараагүй байгаа. Гэхдээ энэ гэмтлүүд яаж ч байсан гадны нөлөөллөөс үүсэх гэмтэл мөн. Талийгаачийн цогцост, хоолойг нь боосон мэт цус хурсан, энгэр цээж хэсэгт нь мөн цохисон мэт улаан оромнууд, хоёр өвдөг нь хөхөрсөн, баруун гарын чигчий хурууг хурц юмаар зүсэж урсан уу гэмээр гүн шархтай байсан.

-Талийгаачийн гадуур хувцсан дээр гутлын мөр байсан гэгдэж байгаа. Энэ талаар ярихгүй юу?

-Түргэний эмч жолооч нараас бид асууж лавлахад, талийгаачийг чирсэн гэмээр хувцас хунар нь шороо болсон байсан гэдгийг хэлсэн. Эмч талийгаачийн хувцасыг тайлах гэж оролдоход ухаан ороод “Намайг битгий зодооч” гэж хашгирсан байгаа юм.

Эмнэлэгт ухаангүй байх хойгуур нь бид нар өөрсдийн биеэр театрт очиж үзсэн. Гэтэл үүдний нэг давхраас эхлээд хоёр давхар хүртэл цусны толбо байсан. Ээмгийг нь сэтлээд хаясныг өрөөсөн ээмгийг нь олсон. Маш олон шфилкээр үсийг нь тогтоосон байсан ч бүгд олдоогүй хэргийн газраас хоёрхон ширхэг олдсон. Үсийг зулгаасан гэлтэй маш их ширэлдсэн байсныг эмч нар хайчилсан гэж байсан.

-Талийгаачийг өндрөөс унасны улмаас амь насаа алдсан байж магадгүй гэсэн яриа гараад байна. Та хэргийн газарт өөрийн биеэр очсон хүний хувьд юу хэлэх вэ? Тэр шатыг та харсан уу?

-Харалгүй яахав. Тэр унасан гээд байгаа шат нь хоёр метрийн өндөртэй шат байгаа юм. За хүн уналаа гэхэд хөнгөн бэртэл авч болох юм. Гэтэл яаж тийм хүнд гэмтэл шарх авч тархи нь хүртэл бяцрах билээ. Хоёр метрийн өндрөөс уналаа гэхэд үхэлд хүргэх тийм бэртэл авна гэдэг байж боломгүй зүйл.

-Энэ хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд явагдаж байгаа талаар ар гэрийнхэнд нь мэдээлэл өгсөн үү. Та бүхэн ямар мэдээлэлтэй байна вэ?

-Бид нарт цагдаагаас гадны нөлөөгүй гэдэг тайлбарыг анх өгсөн. Одоо бид нар өмгөөлөгчөөр дамжуулж хэргийн талаар мэдээлэл авахаар хүсэлт өгөөд байгаа.


Сэтгэгдэл
Гадны нөлөөтэй нь ойлгомжтой юм бна ш дээ
2019 оны 01 сарын 29    |    66.181.160.2
Засаг байсан Цэрэнжавын гуя баз байна ш тээ. Бузар юм аа!
2019 оны 03 сарын 15    |    103.111.68.3

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна