Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж үзэн, ХЭРГИЙГ ХААЛАА

 

2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Ч.Чамин-Эрдэнэ агсны амь нас хохирсон хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр "Талийгаачийн унасан “Кэй Эйч” апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, Ч.Чамин-Эрдэнэ агсан хэрэг болсон өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин, 6-Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6-Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн. Шинжилгээ явуулахад Ч.Чамин-Эрдэнэ агсны гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү зарим хүнийг дүүгийнхээ үхэлд буруутай хэмээн олон нийтийн сүлжээгээр тараасныг цагдаагийн байгууллага шалгасан ба сэжигтэй зүйл гараагүй байна. Тэдгээр иргэд өөрсдийг нь гүтгэсэн тухай хариу гомдол гаргасан" хэмээв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна