ШУУРХАЙ: Б.Махбалын хэргийн УРЬДЧИЛСАН хэлэлцүүлгийг хойшлууллаа

Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины хэргийн сэжигтэн Б.Махбалыг шүүх хурлын тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр  /2019.01.18/ боллоо. 

Шүүх хуралд яллагдагч Б.Махбал өөрийн биеэр оролцсон бол хохирогчийн талаас хууль ёсны өмгөөлөгч нар нь төлөөлөн ирсэн юм. Гэсэн ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн баасан гараг буюу нэгдүгээр сарын  25-ны өдөр хүртэл хойшлууллаа. 

Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр анх удаа товлосон боловч урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хуульд заасан үндэслэл бий болсон гэх шалтгаанаар хойшлууллаа. Хүндэтгэн үзэх шалтгаан нь "Шүүгч өвчтэй" гэдэг зүйлийг хэлж байна. Бидний зүгээс бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналаа оруулах байсан” гэлээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангиас авчирсан бөгөөд тэрбээр шүүх хуралд хууль ёсны хоёр өмгөөлөгчтэй оролцсон юм.

Сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан юм. Эл хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал холбогдон, урьдчилсан байдлаар түүнийг талийгаачийн амь насанд халдсан болохыг тогтоогоод байгаа. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжсэн учир ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн товлоод байгаа юм. 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна