Өнгөрсөн шөнө гарсан ХҮН АМИНЫ ХЭРГИЙН СЭЖИГТЭНГ эрэн сурвалжилж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт гарсан хүн амины хэргийн сэжигтэнг эрэн сурвалжилж байна. Тодруулбал, өнгөрөгч шөнийн 01:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах "Орчлон" хорооллын урд 36 настай эрэгтэй хутгалуулж, нас барсан байсныг тус хорооллын оршин суугч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.

Дуудлагын дагуу шуурхай албаны бүрэлдэхүүн хэргийн газарт очин үзлэг шалгалт явуулж, цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлжээ. Харин уг хэргийг үйлдсэн этгээд хэргийн газраас оргон зайлсан бөгөөд одоогоор сэжигтэн этгээд тодорхойгүй байгаа тул цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Хохирогч нь зүрхэн тус газраа хутгалуулсны улмаас амь насаа алдсан гэх ба гэмт хэрэг үйлдсэн зэвсэг хэргийн газраас олдоогүй аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080

Эрэн сурвалжилж байна