Т.Лхагвасүрэн: 13-хан настай охиныг минь гэмт этгээдүүд хэрцгийгээр хөнөөчихлөө

Т.Лхагвасүрэн: 13-хан настай охиныг минь гэмт этгээдүүд хэрцгийгээр хөнөөчихлөө

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд энэ оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө 13 настай М охин амиа алдсан хэрэг гарсан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар охиныг архины хордлогод орсон гэх  дүгнэлт гаргажээ. Энэ хэрэгт охиныг буудалд дагуулж орсон хоёр залууг сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Тэднийг бага насны хүүхэд хүчиндсэн гэх зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд охины амийг хөнөөсөн хэрэгт буруутгаагүй байна.

Талийгаачийн аав Т.Лхагвасүрэнтэй болсон явдлын талаар ярилцлаа.

Хэрэг явдал яг юу болсон юм бэ. Яагаад ийм зүйл болчихов?

Манай охин наймдугаар сарын 22-ны өдөр 16 цаг 30 минутад гэрээсээ гараад 16 цаг 54 минутад ээж рүүгээ залгасан байгаа юм. “Ээж би таны ажил руу чинь очиж байна” гэж ярьсан байдаг. Тэгэхэд ээж нь “Наанаасаа такси аваад хүрээд ир. Хоёулаа хамт ажил дээр сууж байгаад явъя” гэж хэлсэн юм билээ. Түүнээс хойш Амарболд гэдэг манай хажуу хашааны залуу тааралдаад утсыг нь шүүрээд зугтсан байдаг. Талийгаач маань утасныхаа араас гүйгээд,  Амарболд нь нэг дэлгүүр дээр очоод нөгөө нэг этгээдтэйгээ хамт хоёулаа болж байгаа нь харагддаг. Тэр найз нь одоо хэрэгт шалгагдаж байгаа Жавхлан. Энэ бүгдийг би сүүлд нь камерын бичлэгээс олж авсан.

Тэгээд миний охинтой гурвуулаа нэлээн удаан юм ярьж байгаад микро ирэхээр суугаад явсан байдаг. Түүнээс хойш арван минутын дараа л хэрэг болдог зочид буудал руу орсон. Очир төв нь манайхаас хоёрхон буудал газар. Зочид буудал руу гурвуулаа ороод Жавхлан гэдэг нь буудлын төлбөр тооцоо, өрөөний түлхүүр аваад ирэх хооронд талийгаач охин маань тэр Амарболдтой хамт шатан дээр хүлээж байгаад гурвуулаа хамт өрөөнд орж байгаа нь буудлын бичлэгт үлдсэн байдаг. Энэ хоёр нөхөр утсыг нь авчхаад хоорондоо дамжуулаад зугтаагаад байсан юм байна лээ. Манай тэндхийн нэг залуу “Талийгаачийн утсыг авчхаад хоорондоо дамжуулаад өгөхгүй байсан” гэж хэлсэн.

Буудалд орох үедээ охин тань утсаа авсан байсан болов уу?

Буудалд орох үедээ бол охин маань утсаа авчихсан бариад орж байгаа нь харагддаг. Гэхдээ миний охиныг юу гэж хуурч буудалд авч орсныг мэдэхгүй. Амарболдынхтой олон жил хөрш айл байсан юм болохоор итгэж орсон байх л даа. Нэг л юм хэлж дагуулж орсон байх. Түүнээс миний охин тэгж хүн дагаж буудлаар орох хүүхэд биш.

Охин маань тэр өрөөнд ороод хаалга хаасан цагаас эхлээд л хүний эрхэнд орчихсон байгаа юм. Тэнд эцэг эх рүү гээ утсаар ярих эрх байхгүй. Орилох ч эрхгүй болсон. Нөгөө хоёр нь буудалд орохдоо нэг шил архи аваад орсон гэж байгаа юм. Өрөөний хаалга хаагаад ам руу нь архи цутгасан уу, эсвэл орилж чадахгүй болтол нь зодсон уу. Аль нэг нь болсон байх. Буудлынхан бол ерөөсөө дуу чимээ гараагүй гээд яриад байгаа юм. Бид тав, арван минут болоод эргэж байсан ухааны юм ярьдаг. Гэтэл тэр камерын бичлэгт ямар ч тийм зүйл байхгүй. Тэр хэдийг  өрөөнд орсноос нь хойш буудлын зүгээс нэг ч хүн ороогүй, очоогүй. Анх буудлынхан оруулахдаа “Яагаад буудалд бага насны хүүхэд дагуулж орж байгаа юм” гэж асуугаагүй байгаа юм.

Энэ хугацаанд эхнэр бид хоёр хоорондоо байнга утастаж асууж сурагласан. Тэгээд 21 цаг 30 минут хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь “Ямар нэгэн юм боллоо. Хоёулаа уулзая” гээд эхнэртэйгээ уулзаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж мэдэгдсэн. Өмссөн хувцас, шинж тэмдэг, нас хүйс гээд бүх зүйлийг нь бичиж өгч тэмдэглүүлсэн. Тэгсээр байгаад шөнө болсон.

Мэдээж энэ хугацаанд охин руугаа утастаж байсан байх. Ямар нэгэн хариу өгч байсан уу?

Бид шөнө охиныхоо утас руу залгахаар дуудаж байгаад л тасраад, холбогдох боломжгүй болчхоод байсан. Тэгээд тэр шөнө бид охиндоо санаа зовоод унтаж чадаагүй.  Өглөө эрт ээж нь охин руугаа “Миний үр утсаа авал даа. Ээж рүү гээ залгаарай” гээд мессэж бичсэн. Ямар ч хариу ирээгүй.

Анх яаж хэргийн талаар мэдсэн вэ?

Тэгээд өдөр нь хоёр цагийн үед ээж маань над руу залгасан. “Хоёр цагдаа манай дээд хашааны Амарболдыг дагуулаад ирлээ. Хүүхдийг чинь ямар ч байсан олсон. Эцэг эхтэй нь уулзах хэрэгтэй байна гэж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр яваад оч” гэсэн. Манайд тэр үед цагдаа нар ирсэн юм билээ. Охиноо ямар ч байсан эсэн мэнд оллоо доо гэж бодоод баярласан.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна