Сугалаанд их мөнгө хожсон хүмүүсийн эмгэнэлт хувь тавилан

Сугалаанд их мөнгө хожсон хүмүүсийн эмгэнэлт хувь тавилан

Канадын Онтарио мужийн нэгэн оршин суугч Lotto Max сугалаанаас 25 сая доллар хожсон тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрөгч долоо хоногт шуугицгаасан. Шинээр төрсөн саятны хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд харин урд өмнө сугалаанаас их хэмжээний мөнгө хожиж байсан зарим азтануудын хувь тавилан эмгэнэлтэйгээр төгсөж байсан нь олонтоо аж.

 

1988 онд Пенсильвани мужийн оршин суугч Уильям Пост сугалаанд 16,2 сая доллар хожиж, элдэв үнэтэй машин, хурдан хөдөлгүүрт завинууд худалдаж авснаар хэдхэн сарын дотор мөнгөө бүрэн шавхжээ. Тэрээр сугалааны саятан байхаас илүүтэй дампуурсан байх нь түүнд илүүтэй таалагддаг тухай сэтгүүлчдэд мэдэгдэж байсан гэнэ.

 

 

Өмнөд Солонгосоос АНУ-д цагаачлан ирсэн Жанит Ли 1993 онд 18 сая доллар хожжээ. Энэ мөнгөнийхөө ихэнхийг улстөрийн намууд, олон нийтийн байгууллагууд, боловсролын хөтөлбөрүүдэд тарааж өгсөөр найман жилийн дараа гэхэд юу ч үгүй болон дампуурал зарлаж байсан аж.

 

 

2002 оны Зул сарын баярын үеэр Баруун Виржини мужийн бизнесмэн Эндрю Уиттакер 315 сая доллар хожоод, татвар төлсний эцэст гар дээрээ 114 саяыг авсан байна. Харин дөрөвхөн жилийн дараа гэхэд халаасандаа бараг сохор зоосгүй болчихсон байж. Үүний гол буруутан нь түүний хэтэрхий өгөөмөр зан, түүний мөнгийг тал талаас нь зулгаагч олон хүмүүс, архидалт болсон аж. Хэрэг явдал үүгээр дууссангүй. Мөн их мөнгөний дайрлагад өртсөн охин нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас сугалаанд хожсоноос хойш хоёр жилийн дараа нас барж,  2009 онд өөр нэг охин нь амь алдсан байдалтай олдож байжээ. “Хэзээ ч, хэнд ч над шиг байдлаар битгий мөнгө өгч бай. Тэдэнд ихийг өгөх тусам тэд бүр илүү ихийг чамаас авахаар улайрдаг” хэмээн Эндрю гашуун туршлагаасаа хуваалцсан байна.

 

 

Зарим сугалааны азтанууд төд удалгүй гэмт этгээдүүд болон хамаатан садныхаа золиос болсон тохиолдол ч олон байдаг аж.

 

1998 онд 16 сая доллар хожсон Уильям Бад аймшгийн атаархуу ахтайгаа мартсан байж. Нөгөөх нь сугалааны хонжворыг авахын тулд ахыгаа эхнэртэй нь хамт хөнөөлгөхөөр алуурчин хөлсөлсөн хэдий ч азаар уг ажиллагаа бүтэлгүйтсэн байна.

 

Мөн 20 сая доллар хожсон Жеффри Дампи шуналтай хамаатнуудынхаа золиос болсон аж. Тэрээр бүхий л хамаатнууддаа сайн үл хөдлөх бэлэглэсэн хэдий ч тэдний шуналд хязгаар байсангүй. Ингээд нэгэн удаа түүний эхнэрийн эгч нь найз залуутайгаа нийлж Дампиг хулгайлсан байна. Тэд эд хөрөнгөө өөрсдөд нь шилжүүлэхийг Дампигаас шаардаад, татгалзсан хариу өгөнгүүт ар дагз руу нь буудан хөнөөжээ.

 

Д.Мигаа

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна