Ө.Энхтүвшин нарын хүмүүс У.Хүрэлсүхэд эгдүүцсэн үү...

Ө.Энхтүвшин нарын хүмүүс У.Хүрэлсүхэд эгдүүцсэн үү...

Монгол улс 30 дахь Ерөнхий сайдынхаа нүүрийг үзэв. Омголон, шударга, хэнийг ч аялдан дагалдах ясны дургүй гэгддэг У.Хүрэлсүх, “Би хуульд л захирагдана...” гэж хэлээд, Ерөнхий сайдын сэнтийн зүг алхлаа. Одоо түүнд Монгол улсын үндсэн хуулиас өөр хэнбгуай ч саад үл болох нь. УИХ дахь МАН-ын нөхдийн бараг тэн хагас нь түүнийг эсэргүүцэн Ерөнхий сайдаар батлагдахад нь байлцсангүй. Гэлээ гээд үнэндээ саад болж ч чадсангүй. Тэд УИХ-ын намрын ээлжит чуулганыг өрөө өрөөндөө “цайлж” өнгөрөөсөн нь ганцхан шалтгаантай. Ерөөсөө л “У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарын  суудлаас илүүчлэх” эсэх асуудал.

 Нэгэнт байгуулагдах зам нь шулуудсан шинэ Засгийн газарт  “60 тэрбум”-ынханд байтугай өөрсдийг нь хоёр гараа өргөж дэмжээд байгаа АН-ын нөхдөд ч сандал “түрээслэх”  боломж үгүй биз. АН-ынхан дөрвөн яам шинээр байгуулахыг ятгаад, сэнхрүүлэх гэж оролдоод ч нааштай хариу сонсолгүй УИХ-ын чуулгантай нүүр тулсан. Санал болгосон дөрвөн суудлыг өөрийнхөндөө захиалсан гэж зарим хүн хардаж, хэлсэн үгэндээ онцлон, АН-ынхантай харьцахдаа болгоомжтой байхыг У.Хүрэлсүхэд сануулна билээ.  Тийм л учраас мэргэжлийн Засгийн газрыг унагахад оролцоогүй 31 гишүүний дийлэнх нь хошуу унжуулан, “ийм наадам үзэхгүй...” гэдэг шиг намжирдаад орж очоогүй байх нь.

  МАН-ын эрхэм гишүүд Бага хурлаараа Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг сонгох тухай хэлэлцээд, УИХ-аар оруулахыг хүлээн зөвшөөрч мандатаа өргөх нь өргөж, толгой дохих нь дохисон билээ... МАН-ын бага хурлын үеэр У.Хүрэлсүхийн гол өрсөлдөгчөөр өөрийгөө тодруулж, Ерөнхий сайдын суудалруу зүтгээд бараагүй УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанд яагаад суугаагүй талаараа сэтгүүлчдэд, “...өнөөдөр зөвшилцөөгүй, томилж байгаад бид эгдүүцэж байгаа юм.” гэж тайлбарласан. Чухам юу зөвшөлцөх яах, ийх байсныг нь харин таашгүй. Ерөнхий сайдад өрсөлдөөд унасан хүнд хэцүү л байгаа байх. Эгдүүцэл гэдэг нь хор шар хөдлөх гэдэгтэй утга дүйх билээ. Тэр үгний ард бас бус уршиг дагалддаг санагдана. Эгдүүцсэндээ сайн зүйл хийсэн тухай баримт, мэдээ байхтай таарч байсангүй. Ямартаа ч эгдүүцлээ тэд чуулганы хуралдаан “пялаад” илэрхийлчихлээ. Цаашдаа тэр эгдүүцэл яаж тайлагдахыг цаг хугацаа харуулах биз!!!

 “Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдыг намынхаа бага хурлаар шийдэж байна” гэсэн гомдол, цухлыг дагуулсаар тэд хуралдсан, дэмжсэн. Ерөнхий сайдыг сонгохоор кноп дарах болоход, өнөөх 32-оос харамсалтай нь тавхан хүн  л ширээнийхээ ард харагдав.Тэр тав бол УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Гадаад харилцааны сайд У.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар юм.  “Юм үзэж нүд тайлсан”, улсууд аргагүй биз. Харин Ерөнхий сайдад кноп дарсан гишүүдийн тоо, тэнд суусан гишүүний тооноос нэгээр дутаад байгаа юм. Мань тавын хэн нэг нь картаа сугалсан биз. Ямартаа ч түүнтэй нийлээд МАН-ын 28 гишүүн У.Хүрэлсүхэд “муу” хэвээр үлджээ. Энэ нөхдийн шантааж, дайралт, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар тэсэж үлдэх л хэрэгтэй болох нь дээ. Харин тэсэж үлдэхийн тулд энэ Засгийн газрын сайд нарын зангарга, нэр нөлөө, биеэ даасан байдал чухал гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа байлгүй. 60 тэрбумын бүлэглэлийн "сайн" нөхдөөс энэ мэтийн шахалт алхам тутамд тэдэнд очино. Тэгэхээр танхимын сайд нараа гаднаас хайх бус УИХ-ын гишүүд дотроос бүрдүүлэх хэрэгтэйг л дээрх нөхдийн хурал хаялт харуулаад байна.   

З.Говьсайхан

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна