Оюутан бүсгүйн данс руу нэг сая доллар андууран шилжүүлжээ

Оюутан бүсгүйн данс руу нэг сая доллар андууран шилжүүлжээ

ӨАБНУ-д нэгэн оюутан бүсгүйн данс руу тэтгэлгийг нь шилжүүлэхдээ техникийн алдаа гарсны улмаас 14,1 сая рэнд буюу нэг сая гаруй ам.доллар шилжин орсон байна. Ингээд нөхцөл байдлыг тодруулахаас өмнө нөгөө оюутан бүсгүй үнэтэй загварын хувцас, ухаалаг утас худалдан авч, тансаг ресторанд хооллох зэргээр уг мөнгөнөөс нэлээнийг зарцуулаад амжжээ.

Энэ их хэмжээний мөнгө 2017 оны зургадугаар сард Walter Sisulu их сургуулийн оюутан бүсгүйн дансанд орсон аж. Тухайн үед оюутнууд тэтгэлэг болгон 1400 рэнд буюу 107 доллар авч байсан хэдий ч бүсгүйн дансанд 10 мянга дахин их мөнгө орсон тухай  NDTV мэдээлсэн байна.

Техникийн алдааны улмаас орж ирсэн энэхүү их хэмжээний мөнгөний талаар их сургуулийнхаа захиргаанд мэдэгдэхийн оронд энэ оюутан бүсгүй үнэтэй хувцас, гар утас худалдан авч, найзуудтайгаа үдэшлэг шоу зохион байгуулах зэргээр үрж эхэлсэн аж.

Харин гэнэт баяжсан бүсгүйн нэг ангийн оюутан энэ тухай өнгөрөгч наймдугаар сард удирдлагуудад мэдэгдсэн гэнэ. Үүний дараа шалгаж үзэхэд, Өмнөд Африк бүсгүй уг мөнгөнөөс 800 мянган рэнд буюу 60 орчим мянган доллар  үрээд амжсан байж.

Үлдсэн мөнгийг түүний данснаас эргүүлэн татсан бөгөөд үрсэн мөнгөө нөхөн төлөхийг сургуулийн захиргааны зүгээс түүнд шаардсан байна. Төлөөгүй тохиолдолд оюутан бүсгүйг эрүүгийн хариуцлагад татах тухай мөн анхааруулсан аж.

 

Д.Мөрөн

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
shiljyylj avaad zugtahgyi Ih surguuliin oyutan gehed hehe
2017-10-03 16:59:47    |    202.9.43.251

Эрэн сурвалжилж байна