1980-иад оны алдарт хүнсний 20-ын зодоонд 1000 гаруй хүн үймээн үүсгэж байжээ

1980-иад оны алдарт хүнсний 20-ын зодоонд 1000 гаруй хүн үймээн үүсгэж байжээ

1982 оны зургаадугаар сарын дөрөвний өдөр Дөчин мянгатын Хүнсний хорьдугаар дэлгүүр хавьцаа мундаг том зодоон болж байсныг тэр үеийн хүмүүс эдүгээ санаж байгаа болов уу. Энэхүү нүсэр зодооныг цагдаа нар зогсоох гээд хүчрээгүй бөгөөд эцэст нь гал команд ирж ус шүршээд ч бараагүй юм. Зодоон болдог өдрийн 13 цагийн орчим Хүнсний 20-р дэлгүүрийн өмнө явж байсан нэг байлдагчийг комендантын цэргүүд шалгаж, улмаар зодож эхэлсэн байна. Тэнд байсан хүмүүс зодуулж байсан цэргийг өмөөрч эргүүлийн цэргүүдийг зодохоор дайрч эхэлсэнээр энэ явдал үймээний хэмжээнд хүрчээ. Тухайн үедээ 30-40 хүнтэй байсан үймээн 16-17 цагийн хооронд 1000 гаруй хүний үймээн болж өргөжсөн байна. Ер нь дал, наяад оны үед хотоор яваа цэргүүдийг комендантынхан хаана ч тэр улаан цайм хөөж эсэргүүцсэнийг нь зодож нүдэх энүүхэнд байлаа. Тиймээс хотын иргэд үүнийг хараад дотроо битүүхэн дургүйцдэг байсан нь Хүнсний хорийн зодооны эх үндсийг тавьж орхижээ. Үймээнд оролцсон иргэд комендантын цэргүүдийг эсэргүүцэхийн зэрэгцээ Оросын элчингийн байшин руу чулуу нүүлгэж байсан гэдэг. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол тухайн үедээ оройн 20-21 цагийн үед үймээнд оролцогсод 40-50 мянгад хүрч байсан гэдэг. 20-р зууны Монголын түүхэнд гарсан цуутай зодоонуудаас хамгийн олон хүнийг хамарсан нь Хүнсний хорийн зодоон байлаа. Ерээд оны үед “Ил товчоо” сонинд тухайн үед УЦСЕГ-ын дарга байсан А.Думбурай генералын өгсөн ярилцлагаас харахад Хүнсний хорийн үймээнийг цэрэг, цагдаагийн хүчээр дарах гээд чадаагүй тул гал командын усан буу хэрэглэсэн, энэ бүхний улмаас тухайн үеийн ханшаар улсад 30 мянган төгрөгийн хохирол учирч байжээ. Өөр нэгэн баттай бус эх сурвалжийн мэдээгээр бол дээрээс өгсөн үүргийн дагуу Хилийн цэргийн 05-р анги дээр Сангишарав генерал цэргүүдийг бэлэн байдалд оруулчихсан байсан гэж ярьдаг. Хүнсний хорийн зодоон гэж нэрлэгдсэн энэ үймээний дараа 400 орчим хүнийг “Ганц худаг”-т хорьж саатуулж, зарим нэг хүнд ял өгч байлаа. Уг үймээнийг нийгмийн хэв журам зөрчсөн жирийн нэг үзэгдэл гэж үзэх нь тун эргэлзээтэй бөгөөд нам, ард түмний бат нягтрал хэзээ нэгэн цагт бутарч болохыг харуулсан жишээ болж түүхэнд оржээ. Өөрөөр хэлбэл оргодол цэрэг өмөөрсөн нийгмийн сэтгэл зүй нь цаашдаа үймээний оргил үедээ утга учиргүй ах дүүгийн барилдлагаат Найрамдал-Дружба, оршин буй бэлэнчлэх сэтгэлгээтэй нийгмийн хуурамч дүр төрхийг эс тэвчих, нэг намын хатуу дэглэмийг эсэргүүцсэн нийгмийн сэтгэл зүй болж хувирсан байдаг. Мөнхүү үзэл санаа нь яван явсаар 1990 оны Ардчилсан хувьсгалд бас нөлөөгөө үзүүлсэн байх талтай. Хүнсний хорийн зодооныг комендантын цэргүүд чөлөөгүй явсан ганц цэргийг барьж авч зодсоноор эхэлсэн гэж ихэнх хүмүүс ойлгодог. Гэтэл анхандаа бол Ардын армийн 229-р ангийн арав гаруй цэрэг Хотын комендантынхантай зодолдсон байдаг. Би бээр уг зодооны хамгийн гол гэрч төдийгүй дуулиант зодооныг анх эхлүүлсэн гэж хэлж болохоор Ж.Аюур хэмээх эрийг сурагласаар яваад саяхан олж уулзлаа. Мань эр манай нэгэн олны танил атаман бөгөөд боссын жолоочоор олон жил ажиллаж байгаа юм байна. Тэр өгүүлэхдээ “Хүнсний хорийн зодооныг чөлөөгүй явсан ганцхан цэргээс үүдэлтэй гэж хүмүүс ярьдаг. Гэвч анхандаа бол бид олуулаа явсан юм. 1982 оны хавар цэрэг халагдах тун дөхөж байлаа. Манай анги бол Улиастайн дивизийн 229-р анги. Би тэр үед ахлах түрүүч цолтой байсан. Тэгээд нэг өдөр арав гаруй цэргээ удирдаад хотын төвөөр тэнэх юм боллоо. Ингээд бид Улсын их дэлгүүрээр орчихоод Хүнсний хорийн урдуур явж байтал хотын комендантынхан давхиж ирээд бидний өмнө ёсолдог юм. Баривчлах гэж яваа нь тэр л дээ. Тэгтэл манай нэг цэрэг комендантын нэг цэргийг үгийн солиогүй цохиод унагачихсан. Үүнээс болж бид нар комендантынхантай зодолдсон. Сүүлдээ бид эвгүйтэх тийшээ хандаад ирмэгц бушуухан холдохоор шийдсэн. Тэгтэл манай Бат-Эрдэнэ гэдэг цэргийг комендантынхан барьж аваад үлдчихсэн. Түүнийг бид салгаж авах гэтэл Бат-Эрдэнэ “Та нар эндээс яв. Бүгдээрээ баригдаад хэрэггүй. Би баригдсандаа баригдаад энд үлдэе” гэхгүй юу. Ингээд бид цэргийн анги руугаа явцгаасан. Тэгтэл юу вэ? Нөгөө Бат-Эрдэнээс чинь болж Хүнсний хорь хавиар бөөн зодоон болсон тухай орой нь сонсогдлоо. Комендантынхан Бат-Эрдэнийг зодож байхыг тэр хавийн ард иргэд харчихаад л түүнийг өмөөрөөд зодолдсон юм билээ. Одоо Бат-Эрдэнэ маань Батсүмбэрт амьдарч байна. Мөн тэр үед бидэнтэй хамт комендантынхантай зодолдсон Ганхуяг маань одоо Говьсүмбэр аймагт байна. Би тэр үед ахлах түрүүч цолтой, тэгээд бусдыгаа толгойлж явсан болохоор Хүнсний хорийн зодооны буруутан болж хувирсан. Тэгээд “Ганц худаг”-т 20 хоног хоригдож байлаа. Хүнсний хорийн зодоон чинь ийм учиртай юмаа” гэж дурсав. Дөч гаруй мянган хүнийг хамарсан Хүнсний хорийн алдарт зодооныг нүдээрээ харж зогссон, бас дунд нь ороод нүдэлдэж явсан олон арван хүн эдүгээ амьд сэрүүн байна. Амьд сэрүүн байхаас ч өөр яах билээ. Энүүхэн чөлөөний 1982 он бол эсэргүү бослого дэгдсэн 1932 он биш. Тэр үед 14 настай байхдаа Хүнсний хорийн зодоонд оролцож явсан “Квантуны” Бандиа гэхэд л эдүгээ 47 настай гялалзаж явна. 1982 оны хүнсний хорийн алдарт зодоонд цөөн тооны хүүхэд оролцсон байдаг. Тэдний нэг нь Бандиа. Хүүхэд мөртлөө өсгөлүүн том биетэй Бандиа хөл толгойгоо алдсан томчуудын зодоонд шууд л давхиад орчихож. Тэр үед энгийн хувцас өмссөн НАХЯ-ны төлөөлөгчид мөнхүү нүсэр зодоонд идэвхитэй оролцсон хүмүүсийг дараа нь баривчлахын тулд ар нуруун дээр нь шохойгоор тэмдэг тавиад яваад байж. Тиймээс ар нуруун дээрээ шохойгоор тэмдэг даруулсан 14 настай Бандиа нүсэр зодооны дараа НАХЯ-ныханд шууд баривчлагджээ. Тэгээд мөрдөнд сууж байгаад насанд хүрээгүйчүүдийн комиссын хурлаар ороод 400 төгрөгөөр торгуулаад ялгүй өнгөрч байсан тухайгаа тэр эдүгээ хуучилж сууна. Хүнсний хорийн цуутай зодоонд оролцож явсан өөр нэг амьд гэрч гэвэл Дөчин мянгатын Боби юм.
Тэр өгүүлэхдээ: “...1982 оны Хүнсний хорийн зодооны талаар одоогоос хэдэн жилийн өмнө телевизийн нэвтрүүлэг гарсан шүү дээ. Энэхүү нэвтрүүлэгт Дөчин мянгатын “Маангаа” Баттөмөр бид хоёр оролцсон юм. Зодоон болдог өдөр би үерхдэг охинтойгоо “Ленин” клубт дөрвөн цагаас кино үзчихээд гэртээ орох гээд явж байсан чинь манай байрны гадаа хотын комендантын хэдэн цэрэг нэг цэргийг балбаж гардаг байгаа. Тэгтэл байрны гадаа нарлаж суусан хүмүүс “Болиоч ээ” гэж орилолдоод бөөн юм болсон. Тэр үед яг ажил тарж байсан болохоор хүмүүс Хүнсний хорийн автобусны буудал дээр цугларчихсан, мөн “Ард” кино театрт кино үзсэн хүмүүс тараад явж байсан болохоор хүмүүсийн бөөгнөрөл бий болчихгүй юу. Яг энэ үед зодоон болсон юм. “Маангаа” бидэн дээр гүйж ирээд “Комендантын хэдэн цэрэг тэр муу цэргийг ёстой алах гэж байна. Хэдүүлээ үзэлцэе” гэхээр нь бид ч “Алалцъя” гээд л дайраад орчихсон. Ингээд цэрэг, ардын хооронд бөөн зодоон болсон. Сүүлдээ цагдаа нар ирж биднийг болиулах гэсэн биш өөрсдөө зодуулаад, нөгөө цэрэг, ардын хоорондын зодоон чинь цагдаа, ардын хоорондын зодоон болж хувирсан. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг юм болсон. Тэр үед Дөчин мянгат хавиар яасан ч их чулуу байдаг байсан юм. Цагдаа нарыг барьж авч зодохын хажуугаар чулуу нүүлгээд ёстой алж өгсөн. Цагдаагийнхан нэмэгдэл хүч авчраад ч хүчрээгүй. Сүүлдээ тэд биднийг дийлэхээ байгаад гал командынханыг дуудсан. Төдөлгүй гал командынхан ирж биднийг усаар шүршсэн ч нэмэр болоогүй. Усны даралт нь аймаар өндөр, ямар сайндаа л нэг давхарын айлуудын цонхыг хагалж байлаа. Ийм аймаар даралттай усаар шүршээд байхад л улаан галзуу юм зодолдоод байж билээ. Цусаа үзсэн монгол хүн дийлддэггүй гэсэн яриа байдаг шүү дээ. Чингисийн үед улаан залаат монголчууд ялалт байгуулж байсан нь аргагүй л үнэн юм шиг санагдсан. Одоо энэ Оросын элчингийн өндөр байшингийн тагтан дээр оросууд битүү гараад зогсчихсон зураг мураг татаж аваад бидний зодооныг баримтжуулж байлаа. Улс төрийн товчооны гишүүн Рагчаа гуай, Жалан-Аажив гуай нар манай байрных. Эд нар тэр зодооныг харчихаад “Яасан муухай юм бэ. 70 жил болоход ийм аймаар зодоон үзсэнгүй” гэж толгой сэгсэрч байсан гэдэг. Сүүлдээ Хотын цагдаагийн газрын дарга хошууч генерал Думбурай гуай генерал хувцастайгаа ирчихсэн чанга яригчаар “Одоо цөмөөрөө зохицъё” гэж гуйж байлаа. Гэвч түүнийг нохой хуцсан чинээ тоолгүй чулуугаар нүүлгэснээр Думбурай генерал бушуухан машиндаа гүйгээд орчихож билээ. Цагдаа нар сүүлдээ дийлэхгүй нь гэдгээ мэдээд бүгд бултацгаасан. Тэгээд бүрэнхий болоод ирмэгц зодоонд оролцсон хүмүүсийг нэг нэгээр нь түүж баривчилсан. 7-р сарын нэгэнд яг л иймэрхүү юм болсон шүү дээ. Гэхдээ 7-р сарын нэгний шөнө цагдаа нар ард иргэдийг түүж баривчлахын хажуугаар түүж буудсанаараа аюултай. 1982 оны тэр зодооноор маш олон хүнийг баривчилсан боловч ганцхан “Маангаа” Баттөмөр л таван жилийн ял авсан. Яагаад гэвэл цаадах чинь Хүнсний хорийн наад талын цагдаагийн путкан дээр гараад мордчихсон “Цагдаа нарыг алаад өгье. Тэмцэцгээе” гэж хашгираад, тэр нь гай болж камерт өртчихгүй юу. Сүүлдээ нөгөө путкийг нь буулгаж нураагаад зодоончид золтой л шатаачихаагүй. Гэхдээ социализмын үеийн агуу чанар бас ажиглагдсан. Нөгөө буулгаж нураасан путкийг тэр шөнөдөө шинэчилж босгоод маргааш өглөө нь гэхэд үймээн самуун болсон гэх ямар ч ул мөргүй болгосон байж билээ. Өнөө цагт хэрвээ иймэрхүү юм болсон бол дарга нар нурсан путкийг харж гашуудаад л, телевизийнхэн зургийг нь авч нийтэд харуулж дуулиан дэгдээгээд л бөөн юм болох байлаа. 1982 оны тэр зодоон бол Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх гоц үйл явдлуудын нэг мөнөөсөө мөн” гэж онцоллоо. Монголчуудын нударгалцаан 1980-аад оны үед зөвхөн Хүнсний хорийн зодоон төдийхнөөр дуусчихаагүй юм. Энд тэнд том жижиг зодоон цохион зөндөөн л болж байлаа. Гэвч коммунистууд ард түмэнд мэдээлэлгүйгээр тэрүүхэн тэнд нь нам дараад өнгөрнө. Харин Хүнсний хорийн зодоон яалт ч үгүй гэгээн цагаан өдөр түмний нүдэн дээр, бүр хотын төвийн гудамжинд дуулиан шуугиантайгаар өрнөсөн болохоор коммунистууд яаж ч чадаагүй юм. Мөн тэр үед Тавин мянгатын “Сохор онио” Цэрэнчимэд хэмээх танхай эр улс орон даяар нэгэн том дуулиан дэгдээж билээ. Тэрбээр “Ард” кино театрын өмнө өөрийг нь бүслээд ирсэн долоон цагдаагийн дунд хутга гялалзуулан эргэлдүүлээд бүгдийг нь мэсээр сийчээд амгалан тайван коммунист нийгмийг цочирдуулж байсан түүхтэй. Түүнчлэн 1980-аад оны үед Халхын шоронд өрнөсөн хамгийн том зодоон Мөнгөнморьтын шоронгийн хуучин зоонд болсон гэж олон хүн ярьдаг юм.
Энэ нь мөнөөх цуут атаман Алдаржав, 120 мянгатын Итгэл нарын өдүүлсэн зодоон. Энэ тухай Дөчин мянгатын унаган хүүхэд “Мадам” Батсүх өгүүлэхдээ “Наяад оны дунд үед Мөнгөнморьтын хуучин зоонд хотын атаманууд бараг бөөнөөрөө очсон юм. Алдаржав, Итгэл, “Буу” Дамдинсүрэн, Түвдэндорж аваргын хүү Дагвачимэд, “Гүүс” Болд, Намсрайн Энхтайван, “Ардын багш” Лхагвасүрэн гээд дандаа Улаанбаатарын зовхи өөдөө эрчүүд цугларсан. Би бас эдний дунд хутгалдаад явж байлаа. Гэтэл эд нартай зэрэгцээд Дорнодын 77-гийн бүлэг, Налайхын Олдошгүйн бүлэг хүчээ авч эхэлсэн юм. Дорнодын 77-гийн бүлэг бол аймаар. “Хар” Энхжаргал, Жамъянсэнгээгийн Жаргалсайхан, “Чоно” Туяа нарын атаманууд байсан. Сүүлдээ эд нар Мөнгөнморьтын шоронг атгачихсан. Тэгэнгүүт Алдаржав тэргүүтэй хотынхон өөрсдийнхөө эзэмшлийг тогтоохын тулд Дорнодынхон, Налайхынхантай ана мана тэмцэлдээд нухчин дарж байлаа. Нэг орой бүр аймаар зодоон болсон. Эгээ л хүн амьтан үхэж үрэгдээгүй. Хутгалуулах, цохиж нүдүүлэх, нүдээ бүлт цохиулах, эрүүгээ хуга шаалгах зэрэг бол энүүхэнд байлаа. Энэхүү нүсэр зодооноос болж Алдаржав, Итгэл хоёр жирийн дэглэмээс чанга, онцгой дэглэмийг алгасаад шууд гяндлуулж байсан юм. “Буу” Дамдинсүрэн бид хэд тусгай ачлагаар Бэрлэгийн шоронд хүргэгдсэн. Энэхүү зодоон бол наяад оны үед Халхын шоронд өрнөсөн хамгийн том зодоон” гэж дурссан байна.


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл
Боби г мэднэ Харин Мангаа Баттөмөр аль эрт өнгөрсөн 95 онд ч билүү дээ үнэн бичиж Орой нь байраар яваад баривчлаад л байсан 40 мянгатынхан их явсан
2017-10-27 19:09:44    |    59.153.114.92

Эрэн сурвалжилж байна