С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах болоогүй юу

С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлах болоогүй юу

Дэд бүтцийн сайд, Ардчилсан хувьсгалын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын энэ өдөр бусдын гарт амиа алдсанаас хойш 19 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ олон жилүүдэд талийгаачийг хөнөөсөн хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоохыг Монголын ард түмэн хүлээлт тавьсаар ирсэн юм. Түүнийг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  буруутгаж гурвууланд нь Улсын Дээд шүүх 20 жилийн хорих ял оноолоо. Гэвч хэргийг шийдвэрлэсэн нөхцөл байдал, үнэхээр энэ хүмүүс гэмт хэргийг үйлдсэн гэдэг итгэл үнэмшил олон нийтэд төрөхгүй байгаа билээ. Ард түмэн хэргийг үнэн бодитой шийдвэрлэсэн гэдэгт эргэлзэж байгаа юм. Гэхдээ бид Төрийн өмнө тангараг өргөсөн шүүхийн байгууллага, шүүгч нарт итгэх ёстой. Тэдний шийдвэрт үл итгэх, буруутгах нь хуулийн хараат бус байдлыг бий болгох учиртай. Тиймээс тангараг өргөсөн шүүгч нарт итгэхээс өөр аргагүй юм.

Харин одоо олон нийтийн зүгээс нэг зүйлийг хүсч байна. Энэ хүмүүс С.Зориг агсаныг хөнөөсөн бол захиалагч нь  хэн бэ. Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан “захиалагчтай хэрэг” гэдгийг мэдэгдсэн. Тэрбээр УИХ-д өгсөн мэдээлэлдээ “Прокурорын байгууллага хуулийн дагуу шийдвэрээ гаргасан. Прокуророос С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан захиалгаар хүний амь хохироосон, үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд дөрвөн хүний амийг хохироосон гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргасан гэж бодож байна” гэсэн тайлбар өгсөн юм. Гэвч өнөөдөр захиалагчийг яагаад зарлахгүй байна вэ?

С.Зоригийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхээр эцэслэн хэлэлцэж дуусаад даруу бараг хагас жилийн хугацаа өнгөрлөө. Захиалагчийн сураг алдарч байна. Угтаа бол хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж, шүүхээр гэм буруутайг нь тогтоосон бол захиалагч мөн хамт тодорхой болох ёстой. Энэ талаар хуульч О.Алтангэрэл  “С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн асуудалд эргэлзээ алга. Харин захиалагчийг яагаад зарлахгүй байна гэдэг дээр эргэлзээ байгаа. Хэрэв улс төрийн нөлөөлөл байна уу. Үнэхээр захиалагч нь улс төрд том нөлөөтэй хүн байгаа юм уу. Тэгээд захиалагч нь үлдчихээд гүйцэтгэгч нь шоронд явж байгаа бол болохгүй”  гэсэн байр суурь илэрхийллээ. 

Энэ хэрэг эхнээсээ л ээдрээтэй, төвөгтэй олон асуудалтай нүүр тулж үнэн бодитой шийдэгдэхэд бэрх замаар туулж ирсэн. Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, баримт нотолгоо хэр зэрэг бүрдсэн гэдэг нь тун эргэлзээтэй хэвээр бий. Хүний амь хөнөөсөн хэрэг улсын нууцад хамаарч хаалттай явж ирсэн нь хамгийн их асуудал, хардлагыг дагуулж байгаа юм. Энэ хэргийг ил тод нээлттэй хэлэлцэх ёстой байлаа. Учир нь хэргийн үнэн мөнийг олохыг Монголын ард түмэн 19 жил хүлээв. МАН УИХ-ын 2000 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүртэл “С.Зоригийн хэргийг илрүүлнэ” гэж амлалт хүртэл өгч байлаа. Нам толгойлж явсан тэр хүмүүс өнөөдөр яагаад чимээгүй байна вэ. Энэ хэрэг цөөн хэдэн хуульч, прокурор, цагдаагийн албан хаагч нарын дунд шийдэгдэж, үнэн бодитой мэдээлэл хүссэн ард түмэнд хаалттай үлдэж байна.

С.Зориг агсны ах С.Баяраа “С.Зориг бол Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтний хувьд улс орондоо төдийгүй, дэлхийд танигдаж хүндлэгдсэн улстөрч хүн.Түүний араас монголчууд бид харамсан гашуудсаар ирсэн. Яагаад түүнийг хөнөөв, хэргийг хэзээ илрүүлэх вэ гэдэг нь 18 жилийн турш манай нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудал. Нээлттэй, ардчилсан нийгэмд олон түмэн үүнийг мэдэх эрхтэй. Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой” гэдгээ илэрхийлж байлаа. Үнэхээр С.Зориг бол Монголын ард түмний хүү. Тиймээс түүний амийг бүрэлгэсэн хийгээд түүнийг захиалсан хүмүүсийг  Монголын ард түмэн мэдэх эрхтэй юм. “Захиалгаар хүний амийг хөнөөснийг тогтоосон” гэж мэдэгдэж байсан  Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та захиалагчийг зарлах болоогүй юу.

 

 

 

Т.Түвшин

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна