Гомдол, харуусал тээсэн долоон амь буюу хэрэг хуучирдаггүй

Гомдол, харуусал тээсэн долоон амь буюу хэрэг хуучирдаггүй

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутагт Тоёота приус маркийн машин, “Land Cruiser-200” маркийн машинтай мөргөлдөж гурван  гэр бүлийн долоон хүний амь нас эрсдсэн эмгэнэлт үйл явдал 2016 оны наймдугаар сарын 5-ны орой  гарсан.  Хэрэг явдал ээдрээтэй, хэргийн гол буруутан хэн бэ гэдгийг өнөөг хүртэл тогтоогоогүйд талийгаачдын  ар  гэрийнхэн, ахан дүүс нь гомдолтой яваа юм.   

Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатар орохоор явсан Приус машиныг зам шахан, онхолдуулсан шаргал өнгийн Жийп машины жолоочийг жил хоёр сар шахам хугацаанд хууль хяналтынхан олоогүй. Үнэхээр олоогүй юу, олохыг хүсээгүй юу гэдгийг мэдэхгүй.

Гэрчийн  хэлснээр: Приус машиныг шаргал өнгийн Жийп маркийн машин шахан гүйцэж түрүүлэхэд Приус машин тэнцвэр алдан өнхөрч, эсрэг урсгалд  орж өөдөөс нь ирсэн  хар өнгийн машинтай мөргөлдөн замын хажуу руу унасан. 10-20 минутын дараа  шатах үед шаргал өнгийн жийп машин манай гэрийн ойролцоо ирж зогссон.

Машинд  дунд эргэм насны тарган ах, эгч, арын суудал дээр нь  жаахан охин уйлаад...  “Чи яаж байгаа юм бэ” гээд нөгөө эгч тэр ахыг  цохиод уйлаад байсан. Машин шатаж байхад жолооч  ах машинаасаа буугаад “аварна” гээд лоом аваад гүйсэн. Тухайн үед гал ихдчихсэн. Тэр ах машиныг хөшиж онгойлгох гээд дийлээгүй байх. Буцаж ирээд машиндаа суугаад замаас гарч уул даваад зугтсан” гэжээ. Энэ ослын улмаас бага насны гурван хүүхэд, хоёр сайхан  бүсгүй, гэр бүлийн хоёр хөгшин алтан амиа алдсан юм.

Талийгаачийн ар гэрийнхэн  яагаад гомдолтой байна вэ?

Хохирогчид хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хэргийн үнэн мөнийг олоод өгөөч л гээд байгаа юм. Тэд зарим зүйл дээр цагдаагийнхан дутуу дулимаг хандсан , сэтгэл гаргаагүй хэмээн үзэж буй.

Тухайлбал, уул давж зугтсан машины мөр тод байсан. Түүний зургийг авч баталгаажуулах байсан. Камерын бичлэгийг 2016 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд  хуулбарлаж авах боломжийг алдсан. Дараа нь, хохирогчид хөөцөлдөхөд цагдаагийн тодорхойлолт бичиг шаардлагатай гэсээр хугацаа алдсан. Өмгөөлөгч Ц.Гансүх нь замын хажуу руу шахсан гэх машины жолоочийн ам зургийг гаргаад эрэн сурвалжлуулах хүсэлт тавьсан ч хэрэгжүүлээгүй.

 Хэргийг шалгасан ахлах мөрдөн байцаагч Г.Ууганцэцэг дутуу дулимаг ажилласан, ослын холбогдогч жолооч нас барсан  гэх шалтгаанаар хэргийг хаасан. Ийм шалтгаанууд хэлж байна. Талийгаач П-гийн эгч Х.Алгирмаа байцаагч Г.Ууганцэцэгтэй холбоотой гомдол удирдлагуудад нь гаргахад түүний хүсэлттэй танилцаад  ахлах мөрдөн байцаагч Г.Ууганцэцэгт захиргааны  буюу цалингийн хувиар торгох арга хэмжээ авсанаар долоон хүний амь настай холбоотой хэрэг  намжих шатандаа  шуударчээ.

Гэрчийн мэдүүлэг, мөргөсөн жолооч хоёрын яриа зөрдөг

Хэргийн газарт цагдаагийнхан цаг алдахгүй ажилласан аж. Гэрчийн мэдүүлгийн дагуу машины мөрөөр явсан Замын цагдаагийн ажилтан адил өнгийн гэмээр машинтай ч туранхай, малчин байрын хүнийг “энэ мөн үү” гэсээр авчирсан гэнэ.

Осол гарахыг харсан гэрч, осол гаргасан жолооч хоёрын мэдүүлэг зөрдөг гэнэ. Гэрч шаргал цайвар  өнгийн машинд шахуулсан приус  онхолдож, эсрэг урсгалаас ирсэн хар өнгийн жийп машинд мөргүүлсэн гэдэг. Хар өнгийн “01-16 УНА” дугаарын машины жолооч “Б” “Приус машин өөдөөс ирж мөргөсөн” гэж ярьсан байна.  Жолооч Б  ослын газарт байх үедээ хохирогч П-гийн ээж Ц.Бат-Өлзийгийн нөхрийг “Хагарсан дугуйгаа нөхөх хэрэггүй. Машинаа энэ чигээр нь ачуулчих” гэж хэлсний төлөө “Би чамаар заалгахгүй, буруугүй” хэмээн толгойг  нь хага цохьсон төдийгүй осол гаргасныхаа төлөө уучлалт  ч гуйгаагүй байна. Монгол хүний ёс жудгийг бодоод “Уучлаарай” гээд хэлчихсэн бол ар гэрийнхэнд нь арай л өөр сэтгэгдэл төрөх байсан болов уу.

Хэрэг хуучирдаггүй

Талийгаачдын ар гэрийнхэн ч хэргийг зүгээр орхихыг хүссэнгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосон цагдаагийнханд бус АТГ-т хандсан юм. Энэ тухай талийгаач П-гийн ээц Ц.Бат-Өлзий, эгч Х.Алгирмаа нар нь хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн. АТГ-ынхан хэргийг дахин шалгахаар болсон ажээ. Гурван гэр бүлийн долоон хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг үзэж харсан, хэргийн талаар бодит мэдээлэл сонссон иргэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хандахыг уриаллаа. Хэрэв танд мэдээлэл байгаа бол АТГ-ын Мөрдөгч, комиссар М.Эрдэнэсайхан, Мөрдөгч, комиссар Ц.Золзаяа нартай 70112483, 70112479 утсаар холбогдож мэдээлэл өгөх боломжтой юм байна. Монголчууд хэрэг хуучирдаггүй, эрт, орой хэзээ нэгэн цагт илэрдэг гэлцдэг. 

 Д.Дорж

 


АНХААРУУЛГА:

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 98109080
Сэтгэгдэл

Эрэн сурвалжилж байна